Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Захиргааны байгууллага |сүм, хийдийн захиргаа|
Tweet

Манай улсад 1994 оноос 2003 оныг хүртэл нийт 224 сүм, хийд шашны байгууллага бүртгэлтэй байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан судалгаа харуулж байна. Одооогоор буддын шашны 147, христын шашны 59, мусульман шашны 4, бусад шашны 7 сүм, хийд үйл ажиллагаагаа явуулж байна .
Шашин гэдэг бол хувь хүний итгэл үнэмшлийн эрх чөлөө мөн. Монгол улсад иргэд аливаа шашныг шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байхаар Үндсэн хуулиар тунхагласан учир энэ эрх чөлөөг захиргааны болон бусад байгууллагаас хязгаарлах, зөрчих шинжтэй үйл ажиллагааг хүний эрхийн баталгаа болсон шүүх засаглалаар дамжуулан хянах нь зөв зүйтэй хандлага юм. Монгол улсад 2000 оны байдлаар буддын шашин зонхилдог ба 4% нь мусламан шашинтан байжээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг шашны байгууллага гэнэ” гэж тодорхойлсон байна .
Төр шашныг тусгаарлан явуулах тухай хууль 1934 онд, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 онд батлагдан гарчээ. Манай улсын эрх зүйн хөгжлийн түүхэнд төр-шашны хоорондын харилцааг ихэд анхааран зохицуулж ирсэн байдаг боловч иргэдээс шашны байгууллагатай хэрхэн харилцах талаар зохицуулалт одоог хүртэл хангалттай биш байна.
Сүм хийд, түүнийг үүсгэн байгуулагч нь тэдгээрт сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах буюу олгосон зөвшөөрлөө цуцалсан тохиолдолд шүүхэд хандаж тухайн захиргааны байгууллагын шийдвэрийг хянуулах зэргээр нийтийн эрх зүйн харилцааны оролцогч болдог байна.
Харин сүм хийд өөрөө “захиргааны байгууллага” мөн үү?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг “захиргааны байгууллага” гэнэ хэмээн тодорхойлсон байна.
Монгол Улсад сүм хийд нь төрийн байгууллагад хамаардаггүй болох нь Үндсэн хуулийн “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй”, “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалтуудаар шууд тодорхойлогдоно. Түүнчлэн Үндсэн хууль бусад хуулиар шашны байгууллага нь Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага байж болохгүй нь харагдаж байна.
Сүм хийд нь захиргааны байгууллага гэхээсээ илүү тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага, иргэдийн итгэл үнэмшлээрээ нэгдсэн сайн дурын нэгдэл, эсхүл ард иргэд, сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилготой үйлчилгээний байгууллагын шинжтэй байна.
Шашны байгууллага нь нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллага мөн боловч тэрхүү нийтлэг үйлчилгээг үзүүлэхдээ бусдыг захирамжилсан шийдвэр гаргах эсэх, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага мөн эсэхийг энэ хэсгийн төгсгөлд тодруулж үзье.
Дүгнэвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шашны байгууллагыг “нийтийн эрх зүйн субьект” гэдэг утгаар нь захиргааны байгууллагад хамруулж тодорхойлсон байна.
Иймд захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах шашны байгууллагын шийдвэр нь нийтийн эрх зүйн субьект болох нийтийн захиргааны бусад байгууллагын Захиргааны хэргийн шүүхэд хянагдахаар хуульчлагдсан шийдвэр, үйл ажиллагаатай ижил шинжүүдийг өөртөө агуулсан байх ёстой.
Шашны байгууллагын шийдвэр иргэний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хязгаарласан эсэхийг тогтооход чиглэсэн хяналтын чиг үүргийг захиргааны хэргийн шүүх (эсхүл шүүх) –д хуулиар олгосон улс орнууд байдаг байна. Жишээ нь: Финланд Улсын захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд “сүмийн бүлэг, шашны зөвлөлийн шийдвэрийн эсрэг давж заалдсан гомдол” зэргийг харьяалуулсан байдаг байна .
Нийтийн эрх зүйн субьектуудын захиргааны хэргийн шүүхэд хянагдах шийдвэр нь ямар шинжийг агуулсан байвал Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахыг тодруулья.
Захиргааны хэргийн шүүхэд хянагдах нийтийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа (захиргааны акт) -ын зайлшгүй агуулсан байх шинж бол тухайн шийдвэрт иргэн, хуулийн этгээд заавал захирагдах үүргийг хуулиар тогтоосон байдаг явдал юм. Шийдвэр нь ийнхүү заавал биелэгдэх шинжтэй учраас түүний хууль зүйн үндэслэлийн тухай иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргах замаар тэдгээр шийдвэр хууль зөрчсөн эсэхийг хянуулах боломжтойгоор зохицуулагдсан байдаг.
Юуны түрүүнд аливаа шашны байгууллага, түүний албан тушаалтаны тухайн шашны байгууллагын дотоод ажиллагаан дахь нэг удаагийн болон байнгын тохиолдолыг зохицуулсан шинжтэй шийдвэр үйл ажилллагаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохгүй.
Захиргааны хэргийн шгүүхийн харьяалан шийдвэрлэх “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г хэлдэг байна .
Үүнээс үзвэл сүм хийдийн захиргаа, тэдгээрийн албан тушаалтаны гаргасан зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны хууль бус актад холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
Монгол хэлний тайлбар толь бичигт “захирамж” гэдгийг “тушаалын нэг хэлбэр”, “захирах” гэдгийг дур харгалзахгүй тушааж даалгах, дагуулах хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл сүм хийдийн захиргаа, мяндаг тушаалтны гадгаш бусдаас заавал дагаж мөрдөхийг шаардсан захирамжилсан шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхэд хамаарах ёстой.
Иймд сүм хийдын захиргаанаас заавал биелэгдэх шинж чанартай захиргааны акт гаргах эсэхийг тогтоох шаардлагатай байна. Заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт гэдгийг эцэстээ уг шийдвэрийг төрийн механзмаар албадан биелүүлэх боломжтой байхыг ойлгож болно.
Төрийн захиргааны байгууллага өөрийн буюу төрийн эрх мэдлийг зарим тохиолдолд төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлүүлдэг бөгөөд энэ тохиолдолд тухайн эрхийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаатай холбогдон тухайн төрийн бус байгууллагын шийдвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд гарч буй тухайн тохиолдыг зохицуулсан, засагласан шинжийг агуулах учир Захиргааны хэргийн шүүхээр хянагдах “захиргааны акт” болно.
Гэтэл сүм, хийдийн шийдвэрийг төрийн албадлагын аргаар эцэслэн шийдвэрлэх нөхцөл, тохиолдол байхгүй. Төр, сүм хийдийн харилцааг зохицуулсан хуулиуд нь нэрнээсээ эхлэн төр болон сүм хийдийн үйл ажиллагааг тусгаарлан явуулах зорилгыг тусгасан байдаг. Жишээ нь: Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 -д “сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно” гэж заасан нь шашны байгууллага төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй, шашны байгууллагын шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд төрөөс ямар нэг хэмжээгээр оролцон зохицуулах боломжгүйг харуулж байна.
Судлаачдын өргөн хэрэглэдэг жишээ болох тодорхой нэг сүмээс өглөө бүр зургаан цагт сүмийн хонхыг арван удаа маш чангаар цохиж, дуугаргах шийдвэр юм.
Ингэж өглөө бүр эрт нойрноос сэргээдэг асуудал бол иргэдийг захирамжилсан шинжтэй үйлдэл, шийдвэр биш харин нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл болох магадлал ихтэй. Энэ нь танай орон сууцны орчимд байрладаг - дуу, хуурцын бичлэг зардаг түц, орон сууц, гэр хорооллоор явж лонх, шил цуглуулдаг хүмүүс болон автобусны буудал дээрх микроавтобусны кондуктор нарын хийж байгаа үйлдэлтэй ижил юм.
Шашин сүсгийг шүтэн бишрэх буюу шашинд шинээр орохыг саатуулах, өөрийн шашны үнэмшлийг шүтлэгтэй, шүтлэггүй бусад хүмүүст тулган хүч хэрэглэхээр заналхийлэх буюу шийтгэх, өөрийн шашнаас нь татгалзуулах буюу урвуулж авахыг хүчээр тулгахыг хориглосон байдаг ба эдгээр шинжийг агуулсан сүм, хийдийн захиргаа, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь эрүүгийн хэргийн журмаар шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэх боломжтой.

2005 он, Хууль Зүйн Үндэсний төвийн эрхлэн гаргасан “Захиргааны хэргийн шүүх” цуврал гарын авлагын “Нийтийн захиргааны байгууллага” ¹7 –д

2636 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2009-12-02 -

Бичсэн: Зочин

zugeer sanaa bn. nadad niitiin zahirgaanii baiguullaguudiin talaar zowlomj shin sanaa olj ogooch / jishee ni guitsetgeh erh medliin baiguullagiin talaar/

. Шууд холбоос

2009-12-02 - зүгээр санаа байна

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос

2008-02-12 - захиргааны байгууллага гэх тодорхойлолтын тухайд

Бичсэн: dadido

Би нэг юмыг ерөөсөө ойлгохгүй юм. Учир нь манайд ЗХШХШТХ д захиргааны байгууллага гэж эхэндээ тодорхойлсондоо бөгөөд дараа нь дөрөвдүгээр зүйлдээ захиргааны байгууллагууд баахан байгууллагын нэр усыг тавьчихсан. Хэрвээ Нэр усыг нь тэгж тавих байсан юм бол "Захиргааны байгууллага" гэсэн тодорхойлолт илүүц юм шиг. Эсхүл дөрөвдүгээр зүйл нь илүүц юм шиг. Уг нь "Захиргааны байгууллага" гэсэн тодорхойлолтын шинжийг бүрдүүлж байвал захиргааны байгууллага байх юм биш үү. За тэгээд урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа гэж нэг юм байна. Хэрвээ тэр дарга нар нь Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчвөл ямар хариуцлага хүлээх эсэх нь тодорхой бус.
бас нэг сонин юм байна аа. Үндсэн Хуулийн цэц ЗХШХШХТХ д байсан Засгийн газар гэсэн үгийг Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгосон. Тухайн процессыг ажиглаад байхад ЦЭЦ маань өөрөө Улсын Дээд Шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлчихсэн юм биш үү. Өөрөөр хэлбэл ЦЭЦ ЗХШХШТХ ийн захиргааны байгууллага гэсэн ойлголтонд өөрийн зүгээс тайлбар өгчихсөн ч юм шиг.
За за үүнд хариулахыг бодоорой. Сониноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Батсүрэн ахад ШИХИХУТУГ ХЗДС ийн оюутны зүгээс талархал илэрхийлснийг минь дамжуулаарай. Мань хүн бидэнд хичээл орох ёстой байлаа. Гэвч өөрөө шүүх хуралтай байлаа. Тэгээд бидэн дээр тэр их ажлын хажуугаар өөрөө зорин байж ирээд биднээс "Багш нь хичээл орох боломжгүй болчихлоо. Та нар хүсвэл шүүх хуралд очиж сууж болно" гэж хэлээд хүлцэл өчсөн. Бусад хүнд бол сүртэй юм байж юм магадгүй. Энэ нь надад ойрын дөрвөн жилд үзээгүй юм байлаа. Ихэнх багш нар орох орохгүй нь мэдэгдэхгүй хүний цаг үрж байгаад цонхолдог. Гэтэл бидэн дээр ирээд уучлал гуйсанд би дотроо туйлаас их баярласан юм даг. Энэ чигээрээ байхыг хүсье.

. Шууд холбоос





:-)
 
xaax